

Хүүхдүүдтэйгээ аялахад хэрхэн бэлдэх вэ?
Хүүхдүүдтэйгээ аялахад хэрхэн бэлдэх вэ?
Удахгүй айл бүр хөдөө явж Монгол орнынхоо үзэсгэлэнт газраар аялах тул хүүхэдтэйгээ аялахад бодолцох хэдэн зүйлсийг зөвлөж байна.
- Жагсаалтаа гаргаарай.
Хамгийн түрүүнд бэлдэх зүйлсийнхээ жагсаалтыг хүн бүр дээр бичиж бэлдсэнээр цагаа хэмнэж, эмх цэгцтэй, стресс багатай байж чадна. Майхан хэрэгсэлээс эхлээд өмсөх хувцас, тоглох тоглоом, гэнэтийн үед хэрэглэх эм, замд таарсан хүүхдүүдэд өгөх амттан, өнгийн харандааны багц гээд бэлдэх зүйлс мундахгүй. Бэлдэж амжсан зүйлсээ дараад юм уу тэмдэглээд, хамгийн сүүлд шинээр нь авч гарах зүйлийнхээ ард од тэмдэг тавих гэх мэтээр бас ангилж болно. Нэг сайн жагсаалт гаргасан байхад жил бүр баяжуулаад явах боломжтой. Мөн жагсаалтаа 2 хувь бэлдээд буцаж ирэхдээ дахин юмаа бэлдэхэд хэрэглэхийг зөвлөж байна.
- Нэг өдрийн иж бүрдэл бэлдээрэй.
Хүүхэд бүрийнхээ өдөрт өмсөх иж бүрдэл хувцас бүрийг нэг нэг уутанд бэлдэх их амар байдаг. Нэг дэх, хоёрдахь өдөр өмсөнө гээд л. Угаалгын машингүй, угаах боломжгүй байхаар бол хувцасны тоогоо ахиу бэлдэх хэрэгтэй. Нартай бол, нуур усанд орвол, бороо орвол гээд тохиолдол бүрийг урьдчилаад бодчихвол бэлтгэл сайн байна л гэсэн үг.
- Хүүхэд бүрт тусад нь уут гаргаж өгөөрэй.
Хэдийгээр зай хэмнэх гэх мэт шалтгаанаар хүүхдүүдийнхээ эд зүйлсийг хольж хийх зүгээр санагдавч хүүхэд бүрт тусад нь уут, цүнх гаргахыг хичээгэрэй. Хэн нэгнээс хамааралгүй өөрийнхээ эд зүйлсийг хариуцаж сурахад тустай.
- Хүүхдээ оролцуулаарай.
Аяллын маршрут, жагсаалт гаргах, ачаагаа бэлдэх, баглах ажлуудад өөрт нь таарсан даалгавар өгч оролцуулаарай. Жишээ нь: Тэдний хувьд амар болгох үүднээс хувцасаа эвхэж биш ороож, хуйлж хийхийг зөвшөөрөхөд буруудахгүй. Оролцож хийсэн ажлынх нь үр дүн хэр байж таарсаныг өөрсдөө дүгнээд үзэг.
- Очоод аваарай.
Сүүлийн үед орон нутгийн супермаркетууд маш өргөн сонголттой болсон тул тэндээс авч болох ойр зуурын зүйлсийг хотоос тээвэрлэх хэрэг байна уу. Харин тэндээс олдхооргүй зүйлсдээ илүү анхаарааай.
- Ариун цэврийн цүнх, уутыг хувааж болно.
Хүн бүр ариун цэврийн өрөөнд орж хэрэглэх нийтийн эд зүйлс тул нэг уут, цүнхэнд хийхэд асуудал байхгүй.
- Гэрээ цэвэрлээрэй.
Нөхөр хүүхдүүдээ машиндаа суусны дараа хэдэн минут машинаараа явж байгаарай гэж хэлээд 10-20 минутын дотор гэрээ эмхлээд гарж болно. Эсвэл нөхөр нь ч хийж болно. Санаж ирсэн гэр маань цэвэр цэмцгэр угтах ямар сайхан байдаг билээ дээ.
- Зураг аваарай.
Очсон газрынхаа байгаль, барилгыг авахаасаа гадна буусан газрын ор, идсэн хоол, таарсан хөөрхөн амьтан, цэцэг гээд бүгдийн зургийг сайн аваарай. Эргэж ирээд хэдхэн хоногийн дараа зургуудаа үзэж гоё аялсан сэтгэгдлээ сэргээхэд хэрэгтэй. Мөн хүүхэд бүрт аяллын турш цуглуулсан чулуу, цэцэг, хатаасан шавьж зэрэг дурсгалт зүйлсээ хийх хайрцаг, шил бэлдээд явбал зүгээр. Үүнийгээ илүү бүтээлчээр гоёж чимэглэх ч боломжтой.
- Товлосон цагтаа амжих, цэгцтэй явах чухал хэдий ч хамгийн гол нь зугаатай, хөгжилтэй аялаарай.
- Эцэст нь хог хаягдал үлдээлгүй аялж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.









.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)











.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)