

БЯЦХАН ҮРЭЭ ДҮҮТЭЙ БОЛОХОД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
Гэр бүлд шинэ хүн мэндэлнэ гэдэг амьдралд тохиох хамгийн сайхан мөчүүдийн нэг билээ. Харин ах эгч нарын хувьд дүүтэй болоход амьдралд нь маш том өөрчлөлт гарч байдаг. Ялангуяа ах,эгчийн нас бага байх тусам яагаад гэнэт шинэ хүн гарч ирсэнийг, яагаад аав ээж түүнд илүү анхаарал хандуулах шаардлагатайг ойлгоход бэрх байдаг.Тиймээс та анхны хүүхдээ төрөхөд өөрийгөө,гэр бүлээ болон гэрээ бэлдэж байсан бол дараа, дараагийн хүүхдээ төрөхөд ах,эгчийг нь дүүтэй болоход бэлдэх хэрэгтэй. Учир нь том хүүхдээ хэр бэлдсэнээс,ахан дүүсийн анхны уулзалтын сэтгэгдэл,аав ээжийн хандлагаас ах дүүсийн цаашдын харилцаа хамаардаг байна.
Ингээд шинэ хүн болон ах,эгчийн уулзалтанд хэрхэн урьдчилан бэлдэх талаар багахан зөвлөгөө бэлдлээ.
- Хэрвээ ах\эгч нь 2-оос доош настай бол:
Энэ насны хүүхдүүд дүүтэй болох талаар хараахан сайн ойлгохгүй байж болох ч бэлтгэл хийхгүй байж болохгүй.
Та хүүхэдтэйгаа хамтдаа гэр бүл,нялх хүүхдийн зурагтай ном үзэж нялх хүүхэд анх ямар жижигхэн төрөөд хэрхэн өсөж том болдогийг,нялх үедээ өөрөө идэж,ууж, явж бас ярьж чадахгүй талаар тайлбарлаарай. Мөн өөрийнх нь нялх үеийн зургийг хамтдаа үзэж, ээж аав нь түүнийг хэрхэн асарч,мөөмөө хөхүүлж,усанд оруулдаг байсан талаараа үзүүлээрэй.
Боломжтой бол шинэ маматай болсон найз, гэр бүлийнхнээрээ зочилж нялх хүүхэд ямар байдгийг түүнд урьдчилан харуулж танилцуулаарай.
Энэ насны ах\эгч нар ээжийнхээ том болсон гэдсийг хараад гайхаж, хүрч үзэээд, “мама” байгаа гэж хэлж байж магадгүй. Энэ үед нь та мама дүүгээ илээрэй,үнсээрэй, дүүдээ дуу дуулж өгөөрэй гэх мэтээр дүүгээ хэрхэн хайрлах талаар зааж өгөөрэй.
Дүүгээ төрсний дараах үед тэд стрессдэж, уурлаж аашлах нь олон тохиолдож болно. Таньд ч мөн адил шинэ хүн төрсний дараа ядарч сульдах,ааш зан тогтворгүй болох, том хүүхэддээ анхаарал хандуулахад хэцүү байх шинжүүд илэрч болох юм. Гэвч энэ үед та том хүүхдээ аль болох илүү их хайрлаж,анхаарал хандуулвал тэднийг ах\эгч болсон гэдгээ ойлгож биеэ даахад нь тус болох болно. Харин энэ үеэр шинэ цэцэрлэгт өгөх,танихгүй хүнтэй хамт үлдээх, шинэ орчинруу нүүх зэрэг өөрчлөлт хийхээс аль болох татгалзаарай.
- Хэрвээ ах\эгч 2-4 настай бол
Энэ насны хүүхдүүд бусадтай хуваалцах талаар ойлголт багатай байдаг учир аав,ээжийн анхаарал өөрөөс нь бага зэрэг холдоход л маш мэдрэг байдаг.
Тиймээс дүүтэй болох талаар тайлбарлахын өмнө эхлээд өөрийнх нялх үеийн тухай түүнд ярьж өгөөрэй. Ихэвчлэн жирэмсний дунд болон сүүлийн саруудад ээжийн гэдсэнд мама байгааг хэлбэл тэд ойлгоход илүү хялбар байх болно.
Мөн эмчид үзүүлэх,эход харуулах, дүүд нь зориулан хувцас хэрэглэл авах зэрэгт хамт явбал тэд том ах\эгч болж байгаагаа бага ч гэсэн ухамсарлан ойлгодог.
Дараагийн нэг бэлтгэх зүйл бол нярай хүүхдийн үндсэн хэрэгцээний талаар тайлбарлах юм.
Нярай хүүхдийн байн байн уйлах дуу ах эгч нарыг ихээхэн бухимдуулах нь бий. Тиймээс тэдэнд нялх хүүхэд өлсөх,тавгүйтэх,ядрах, шээж баах үедээ уйлж өөрийгөө илэрхийлдэг,бидэн шиг ярьж чадахгүй гэдгийг ойлгуулахийг хичээгээрэй. Мөн таны хүүхэд хэдийгээр том ах,эгч болох гэж байгаа ч нялх хүүхдэд хэрхэн хүрэх,тэврэх ёстой талаар сайн мэдэхгүй тул дүүдээ хэрхэн хүрч,тэвэрч болох талаар зааж өгөөрэй.
Бяцхан ах,эгч нар дүүдээ болон аав ээждээ туслахдаа тун дуртай байх болно. Жишээ нь: шинэ живх авчирч туслах, хувцсыг солиход,усанд оруулахад туслуулаарай. Энэ нь тэдэнд үүрэг хариуцлагаа ухамсарлах мэдрэмжийг өгөхөөс гадна би энэ гэр бүлд чухал хэрэгтэй хүн юм байна гэсэн мэдрэмжийг өгдөг. Ингэх бүрт нь түүнд баярлаж,талархаж байгаагаа илэрхийлээрэй.
Мөн дүү унтаж байх үеэр ах,эгчтэй нь хамт цагийг үр дүнтэй өнгөрүүлж байх нь чухал юм.
- Хэрвээ ах\эгч 4-6 настай бол
Энэ насны хүүхдүүдийн хувьд хүүхэд “хаанаас ирдэг” “яаж төрдөг” нь маш сонирхолтой сэдэв байдаг. Энэ насны хүүхдүүд хүүхэлдэйгээ “маматай” болгож төрүүлж тоглох дуртай байдаг. Тиймээс энэ насныханд дүүтэй болох гэж байгаа тухай хэлэхдээ өөрийг нь эхэлж асуутал түр хүлээж болно. Эсвэл тэдний насанд тохирсон байдлаар үнэнд илүү ойртуулан хүүхэд хаанаас ирдэг,яаж төрдөгийг,удахгүй ээжээс дүү төрөх гэж байгаа тухай тайлбарлаарай.
Мөн хамт эмнэлэг явах,дүүд нь хувцас хэрэглэл авах, дүүгээ асрахад туслуулах зэрэг нь түүнийг гэр бүлийн нэгэн хариуцлагатай гишүүн гэдгээ мэдрэхэд тустай юм.
Эцэст нь хэлэхэд та аль ч насны хүүхэдтэй байсан дүүтэй болох үед нь илүү их анхаарал хандуулж,хайртай гэдгээ мэдрүүлээрэй.









.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)











.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)