

ААВ БИД 3. Б. ЖАВХЛАН
Ээж нар бие биенээ харьцангүй ойлгож, жирэмсэн болсоноос хойш юу юуг туулж байгаагаа мэддэг байх. Харин аав нар юу бодож, хүсч, мэдэрдэг бол гэдэг асуулт их сонирхолтой санагддаг тул энэхүү булангаа сэтгэл догдлон дэлгэж байна. Бидний амьдралын хамгийн нандин мөч, дурсамжыг тэд өөрийн өнцгөөс юу гэж хардаг бол? Анхны зочноор ихэр хөвгүүдийн аав, Скай Резорт компаний захирал Б. Жавхланг урьж оролцууллаа.
- Та өөрийгөө болон хүүхдүүдээ танилцуулна уу.
Намайг Болдын Жавхлан гэдэг, би 35 настай. Манай хоёр хүү ихэр. Жавхлангийн Бэлгүтэй & Тэмүгэ гэдэг, одоо 8 настай, 3-р ангид суралцдаг.
- Аав ээж бүр шууд хүүхдээ хараад дотносдоггүй, хэдэн өдөр сарын дараагаар дасаж, дотносох тохиолдол гардаг юм шиг санагддаг. Аав нь, ээж нь, миний хүү гэж хэлэхэд хэдэн өдөртөө хэл эвлэхгүй, дасаагүй эсвэл багахан ичдэг байдал түгээмэл. Тэр тусмаа аав нарын хувьд тийм байж болохоор. Та анх хэзээ аав болсоноо дотроо мэдэрсэн бэ?
Ер нь ихэр хүүхдүүд хугацаанаасаа өмнө төрөх их түгээмэл байдаг юм байна лээ. Манай хоёр Их нялхаст хугацаанасаа 1 сарын өмнө төрж 2.3кг, 2.4кг жинтэй ээжийнхээ гэдэснээс гарч ирсэн. Тэгээд эмнэлэгт 7 хоног хүчил төрөгчийн аппаратанд байж байгаад гарсан. Ийм тохиолдолд ээж аав нь 2 цагийн зайтай хүүхдүүд дээрээ очиж сүү өгч, пампэрсыг нь солих боломжтэй байдаг юм байна лээ. Тэгээд гэр бүлийн хүн маань төрчихөөд хэдэн цагийн дараа тэр өрөөнд ороод анх хоёр хүүгээ харсан мөчөө маш тод санадаг юм. Тэр өрөөнд зөндөө дөнгөж төрсөн хүүхдүүд байсан, дутуу төрөлтийн тасаг учир ихэнхи хүүхдүүд бага жинтэй, их өрөвдмөөр байсан. Хоёр жижигхээн хүүгээ хараад ээж бид хоёрынх нь шууд нулимс асгараад уйлаад эхэлсэн. Сувилагч нь бид хоёрыг хоёр хүүдээ сүүг нь өгөөд тэгээд пампэрсыг нь солиорой гэж зааварчилсан. Ээж нь уйлаад хоёр хүүдээ хүрж чадахгүй байсан эхэндээ, тэр үед аав нь зориг гаргаад тайвшруулаад эхний алхамыг хийх ёстой юм шиг санагдаад би юугаа ч мэдэхгүй замагийг нь цэвэрлэх гээд анхны удаа хоёр хүүдээ хүрсэн. Удалгуй ээж нь тайвшраад хоёр хүүгээ тэврэээд авсан. Тэр өрөөнд хоёр хүүгээ харсан мөчөө би хэзээ ч мартахгүй, энэ хоёр жижигхэн хүүхдийг эрүүл саруул өсгөж, эрийн цээнд хүргэх нь миний амьдралын хамгийн том зорилго юм байна гэж бодож байсан. Одоо ч тэр бодол минь мэдээж хэвээрээ. Манай хоёр хүү 2013 онд төрсөн гэхдээ ээж бид хоёрынх нь хувьд хүүхэдтэй болох хүсэл мөрөөдөл тэрнээс 4-5 жилийн өмнө бий болсон байсан тэгэхээр миний хоёр хүү ээж аав хоёр дээрээ нилээн хүлээлгэж байж ирсэн. Удаан хүлээсэн болхоор ч юмуу одоо бодоход би аав болоход 100% бэлэн байсан юм шиг санагддаг. Тэр өрөөнд анх харахдаа л аав болсон мэдрэмж, маш том хариуцлага мөн хайрын мэдрэмж төрж байсан.
- Таны хувьд сайн аав гэдэг хэнээр төсөөлөгддөг вэ? Та ямар хүнийг сайн аав гэх вэ?
Сайн аав бол хүүхдүүдээ аавын хайраар дутаахгүй өсгөсөн аавыг хэлэх байхдаа. Гэхдээ мэдээж хүүхдүүд наснаасаа хамаараад өөр төрлийн хайр хусдэг. Манай хоёрын насан дээр бол цаг зав гаргах нь хамгийн том хайр юм болов уу гэж боддог тэртээ тэргүй том болоод юун аав манатай найз нөхөд гээд явах байх. Тэгэхээр би үргэлж дотроо тэгэж бодож цаг заваа зөв хувиарлахыг хичээдэг. Арай том болохоор нь илүү найзын харицаатай болдог ч юм уу, тэгээд өөрчлөгдөөд явах байх. Тэр өөрчлөлтийг л сайн ойлгож хүүхдүүдээ мэдрэх нь сайн аавын шинж юм болов уу.
- Хүүхдүүддээ нэр өгөхдөө хэр судалгаа хийсэн бэ, яагаад энэ нэрийг сонгосон бэ?
Бүх ээж аав нар л зөндөө судалгаа хийдэг байх. Бусдын адил өөрийн хэмжээндээ зөндөө судалсан. Манай хоёр хүүг төрж байх уед хуучны/ нууц товчооны нэрнүүд ер нь их моданд орж байсан. Би дотроо тийм л нэр өгөхгүй юм шүү гэж их боддог байсан. Төрхөөс нь өмнө дотроо зөндөө бодож байсан, яг төрөөд эмнэлэгтээ 7 хоног байхдаа шортлист ээ гаргаж гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж эхэлсэн. Гэхдээ миний хоёр хүүгийн Тэмүгэ & Бэлгүтэй гэсэн хоёр нэрийг өвөө нь санал болгосон юм. Мессежээр надад 6-7 нэр бичиж явуулсан юм, яагаад ч юм Тэмүгэ & Бэлгүтэй гэсэн хоёр нэрийг хараад ямар ч эргэлзээгүй миний хоёр хүү байна гэж бодогдсон. Би түүх нтр сайн мэдэхгүй учир хэний ямар нэр байсныг тухайн уед ямар ч ойлголт байхгүй. Ээжид нь мөн адилхан таалагдсан. Тэрний дараа ихэр хүүхдүүдийн хувьд нэг асуудал нь хэнд нь аль нэрийг нь өгөх вэ гэдэг шийдвэр хэхэ. Ээж бид 2 нь хоёр ярьж байгаад өөрсдийн саналаа зэрэг хэлэе тэгээд таарах нь уу үзэе гэж ярилцсан юм. Тэгээд нэг хүүгээ зааж байгаад нэрийг нь зэрэг хэлсэн юм тэгсэн 2-лаа яг адилхан хэлж таараад бөөн баяр болоод шууд тэр дор нь 2 нэрийг нь чихэнд нь шивнэж байсан. Нэрээ бодож байхдаа манай нэг хамаатны эгчийн хэлсэн зөвлөгөө надад маш зөв юм шиг санагдаж байсан. Амьдралтай байх ёстой, сургуульд хүүхдүүдийг журналаас харж байхад хамгийн эхэнд биш сүүлд биш, мөн том болоод гадагшаа явахад англиар хэлэхэд эвтэйхэн тэгээд яагаад ч юм би дотроо богино нэр өгнө дөө гэж дандаа боддог байсан.
- Та ганц хүүхэдтэй байж үзээгүй болохоор харьцуулах боломжгүй байх гэхдээ ихэр хүүхдүүд өсгөхийн онцлог талууд нь юу байдаг вэ?
Хэхэ энэ асуултыг надаас маш их хүн асууж байсан. Мэдээж бие биендээ маш их ханьтай, юм болгон дээр ээж аав гээд байхгүй. Дандаа хамт тоглоно. Бие биенээсээ маш их юм суралцдаг. Хамгийн гол нь бага наснаасаа юмаа хувааж сурах, юм болгон дээр өөрийн сонирхолоо 1-т тавих биш гэдгийг багаасаа ойлгож эхэлдэх юм шиг санагдсан.
- Эцэг эх нь хүүхдээ гэхээс илүүтэйгээр хүүхдүүд биднийг хүмүүжүүлдэг гэж ярьдаг. Та хүүхдүүдээсээ юу сурч авдаг вэ?
Намайг манай найзууд аав болонгуутаа нилээн намбалаг болсон гэж надад хэлж байсан. Би өөрөө бол нээх тэгэж мэдрээгүй л дээ. Гэхдээ өөрөө ч мэдэлгүй зөндөө юм сурдаг гэж боддог. Манай хоёр хүү одоо 8-тай, илүү том болох тусам 2 хүүгээсээ зөндөө юм сурах нь гарцаагүй. Одоогоор амьдралынхаа эхний 8 жилдээ бол амьдарлын утгийг надад ойлгуулж цаашдаа миний хийх бүх зүйлсийн луужин болсон юм шиг санагддаг. Тэгэхээр миний хувийн амьдралдаа гаргаж байгаа шийдвэр болгоны угт нь хоёр хүүгийн маань нөлөө байдаг болов уу гэж боддог.
- Та аав болоод хэр өөрчлөгдсөн бэ?
Өөрийгөө дүгнэж ярихад нээх дуртай биш гэхдээ өөрийнхөө бодлоор энэ асуултанд хариулвал ямар ч эрэгтэй хүн аав болоод аав үрийн хайрыг мэдрээд илүү зөөлөн энэрэнгүй болдог юм болов уу гэж боддог. Арай залуудаа буюу аав болохоосоо өмнө жоохон түргэн ууртай байсан юм байх. Аав болсоноос хойш арай зөөлөн аливаа асуудлыг арай уужуу хүлээн авдаг болсон болов уу гэж боддог.
- Хүүхдүүдтэйгээ юу хамт хийх дуртай вэ?
Би хоёр хүүгээ аль болохоор спорт-д дуртай идэвхитэй байлгахыг хичээдэг, тэр ч утгаараа жоохноос нь хөл бөмбөгийн секц, каратэ, жудо, усан бассэйн, бокс, уран зургийн анги гээд нилээн секц-нд явуулж үзсэн. Тэр дундаас хөл бөмбөг, бокс, каратэ гуравт хамгийн дуртай манай хоёр хүү. Дулаан улиралд гадаа хөл бөмбөг тоглохыг хичээнээ, унадаг дугуйгааар бас явах маш их дуртай бид 3. Одоо гэхдээ яалтчгүй Playstation нас ирсэн хэхэ юм авхуулах боломж л байвал Playsation-ий тоглоом гээд байгаа. Тэгэхээр ялангуяа одоо карантины үед тэд нарыгаа их тоглож байна, хааяа Зайсан толгой руу алхана. Би өөрөө ямар нэгэн урлагийн хобби, мэдрэмж их бага учир хоёр хүүгээрээ бас боломжоороо зураг зуруулах гэж хичээдэг.
- Хүүхдүүдийн хувцаслалтанд хэр анхаардаг вэ, яаж хувцасладаг вэ, бага байхад одоо том болоод гээд өөрчлөгдөж байна уу. Танд Carter’s-ийн юу нь таалагддаг вэ?
Жоохон байхад нь их ганган хувцас өмсүүлэх их дуртай байсан. Өөрсдөө ч ойлгохгүй байхад бүх сонголтыг ээж бид 2 нь хийдэг байсан. Одоо том болоод өөрсдөө хувцасаа сонгоод эхэлсэн. Тэгээд нэг сонин юм нь ихэр буюу адилхан хувцас өмсөх дургүй болсон. Гадагшаа гарахдаа бие биенээ харж байгаад дандаа хувцасаа зөрүүлж өмсөнө 😊. Манай хоёр хүү 4-5 болтол ер нь дан Carter’s-аар хувцалсан даа. Тэр үед Carter’s албан ёсоор арай орж ирээгүй байсан байх. Америкт байдаг найзууд минь Carter’s-г шуудай шуудайгаар нь явуулдаг байсан 😊.
- Та хүүхдээ ямар арга барилаар хүмүүжүүлдэг вэ, ингэхдээ ямар ном, зөвлөгөөг таалсан, танд нөлөөлсөн бэ?
Яг үнэндээ би энэ сэдвээр ном уншиж байгаагүй ээ. Ээж бид 2 нь өөрсдийн мэдрэмжээрээ гэх юмуу өөрсдийн зөв гэж боддог арга барилаар л явдаг. Аль болох үгүй гэхгүй шинэ юм туршиж үзэхэд нь нээлттэй ханддаг. Аливаа асуудлыг аль болох өөрсдөөр нь шийдүүлэхийг хичээдэг. Яг бид 3-н хувьд бол бид 3 нилээн нялуун харилцаатай, их эрхлэнэ бие биендээ. Өдөртөө бие биенээ зөндөө тэвэрч хайртай шүү гэж хэлдэг. Яг энэ тал дээр хүмүүс янз бурийн л бодолтой байдаг. Миний хувийн бодлоор бол эрэгтэй хүүхдүүдийг ч гэсэн маш их хайран дунд өсгөх нь зөв гэж боддог.
- Ирээдүйд хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсдэг вэ?
Хоёр хүүгээ цээж дүүрэн хайртай, энэрэнгүй сэтгэлтэй залуучууд болоосой л гэж боддог. Бусдыг нь өөрсдөө шийднэ.









.jpg?h=a528f066058e9496c5f89f7ae3ba237d51fb852d)











.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)